“Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага” сэдэвт суурь судалгааны тайлангийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нийт зургаан багц ажлыг төлөвлөн гүйцэтгэж байгаа юм байна. Энэ хүрээнд тус хөтөлбөрийн судалгааг гүйцэтгэхээр шалгарсан “Мэркадо” ХХК, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ түүврийн аргыг ашигласан бөгөөд уг судалгаанд нийт 8 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 5-24 насны 2000 иргэн хамрагджээ. Судалгааны багийн зүгээс дээр дурдсан насны иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролын түвшинг тодорхойлж, мөн эрх зүйн боловсролыг ямар арга хэлбэрээр хэрхэн олгож буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн байна.
Судалгааны дүнд эдгээр насны иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролын түвшин хангалттай бус хэмжээнд байна гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд судалгаанд хамрагдсан бага насны хүүхдүүд эрх зүйн талаарх мэдлэг, мэдээллийг эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, зарим хүүхдийн нэвтрүүлгээс олж авч байгаа бол өсвөр насны хүүхдүүд болон 20-25 насны залуучууд гол төлөв өргөн дэлгэцийн нэвтрүүлэг, нийгмийн сүлжээ, ном, сурах бичгээс олж авч байна гэсэн үр дүн гарчээ.
Судалгааны ажлын тайлангийн хэлэлцүүлэгт сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газар, түүний харьяа дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, нийгмийн ажилтан, их, дээд сургуулийн багш нар оролцов.
Б.Лхам