Хүний хөгжлийн төлөөх “Ядамын Мөнхчулуун сан”-аас санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан Дорнод аймгийн “Нэг голын хүүхдүүд” төсөлтэй хамтран ажиллаж байна.
Эх орон, элгэн нутаг, ард түмэн, унаган байгаль, уул усаа хайрлан хамгаалах чин хүсэл, зорилгоор нэгдсэн дээрх хоёр төслийн багийн залуучууд хамтын ажиллагааныхаа хүрээнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд анхны уулзалтаа зохион байгууллаа.
Монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль, уламжлалт ёс заншил, соёлын биет болон биет бус өв, Монгол угсаатны онцлог өнгө төрхийг мэргэжлийн өндөр түвшинд баримтжуулан, мэдээллийн цогц архив бий болгож, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан 21 аймаг, 400 гаруй сум, сууринд хүрч, 24.500 км замыг туулах бөгөөд 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Дорнод аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Баяндун, Булган, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад ажиллахаар бэлтгэл хангаад байна.