Маргааш Засгийн газрын тогтоол, салбарын бодлого, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран зохион байгуулна.
Үндэсний чуулганы хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилт болон Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, цаашдын зорилт гэсэн хоёр сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлэх юм.
Түүнчлэн салбар хуралдаанаар мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлага, хөгжлийг эрчимжүүлэх гарц, шийдэл, эдгээр салбарт гарсан шинжлэх ухаан, технологийн ололтын талаар эрдэмтэн, судлаачид илтгэл тавих ба эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инновацийн бүтээгдэхүүн, судалгааны ажлын үр дүнг танилцуулах үзэсгэлэн, тус үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулах арга хэмжээ болно.
Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, мэдлэгийг баялаг болгон бүтээмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх, чуулганаас гарах зөвлөмжид үндэслэн цаашдын бодлого, зорилтыг тодорхойлох, салбарын судлаач, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон боломж бий болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Б.Лхам