Улаанбаатар хотноо сурч буй Дорноговь, Говьсүмбэр аймгийн оюутнуудын сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 2-ны өдөр Спортын төв ордонд эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болоод Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам болон албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнд Дорноговь аймгийн 13 сум, Говьсүмбэр аймгийн гурван сумын эрэгтэй, эмэгтэй бүрэлдэхүүнтэй 52 багийн нийт 500 гаруй оюутан тамирчид өрсөлдөж, хүч самбаагаа сорьж байна. Аваргууд 11 дүгээр сарын 4-ний өдөр тодорно.
Улаанбаатар хотноо хоёр аймгийн оюутнуудын спортын тэмцээнийг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр ЗДТГ-тай хамтран хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. 2017 оны анхдугаар тэмцээнд хоёр аймгийн 370 гаруй оюутан тамирчид оролцож байлаа. Энэ үеэр аймгийн Нутгийн зөвлөлөөс тэмцээнийг Дорноговь, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-тай хамтран спортын бага наадам хэлбэрээр зохион явуулж байхаар тогтсон билээ.