Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг болон соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилттой “Улаанбаатар – Улаанцав– Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа” арга хэмжээ 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч БНХАУ-аас хүрэлцэн ирсэн ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн удирдлагууд болон бусад өндөр албаны төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хиллэн орших хоёр аймгийн боловсрол, эрүүл мэнд, мал аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, нөхцөл байдлын талаар талууд санал солилцов.
Монгол Улсын өмнөд хэсгээр Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаабадрах, Хатанбулаг сумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Дөрвөд хошуутай хиллэдэг. Хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Дорноговь болоод Улаанцав аймгууд нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт импортыг харилцан нэмэгдүүлэх, эрүүл мэнд болон боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санамж бичгийг 2018 оны нэгдүгээр сард талууд үзэглэсэн билээ.