Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дорноговь аймагт төлөвлөгөөт хяналт шалгалтыг 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж, хяналт шалгалтын дүнгийн хурал өнөөдөр /11 дүгээр сарын 2/ боллоо.
Хяналт шалгалтаар Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль, Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Геодези, зураг зүйн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай, Цөмийн энергийн тухай, Авто замын тухай, Ашигт малтмалыг тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, холбогдох норм, стандартын хэрэгжилтэд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Үүнд, Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүй геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр
- Дорноговь аймгийн хэмжээнд “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 2005-2018 онуудад нийт 140 га талбайд 78602 ширхэг мод тарьж, амьдралт нь 75,6 хувь, ногоон байгууламжид 417,2 га талбайд 772495 ширхэг тарьж амьдралт нь 56,6 хувь ургасан,
- 2003 онд хулан адуу, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий зэрэг аймгийн ховор амьтдын судалгаа, 2003, 2007, 2010, 2015 онуудад усны эх үүсвэрийн тооллого, МУИС-иар нэн ховор, ховор болон ашиглалтад өртөмтгий ургамлын судалгаа, Геоэкологийн хүрээлэнтэй хамтран говийн ховор тоорой модны судалгааны ажлууд хийгдсэн,
- Монголын алт (МАК) ХХК-ийн "Элдэв"-ийн уурхай нь өмнөх жилүүдэд ашигт малтмал олборлосон 154,3 га-д техникийн нөхөн сэргээлт, 141.8 га-д биологийн нөхөн сэргээлтийг хийсэн нь сайшаалтай байна.
Дэд бүтцийн хяналтын чиглэлээр:
- "Штайнколе" ХХК, "Фриендшип ресурсис" ХХК болон нэг чиглэлд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг компаниуд хамтран тээврийн автозамын засварын ажлыг хийж, тодорхой хэмжээгээр авто замын нөхцөлийг сайжруулсан,
- "Си Өү Эй Эл" ХХК нь уурхайгаас 20 дахь км-т авто замын засварын хэсэг гарган автозамын засварын ажлыг эхлүүлэн, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 19 км авто замын засвар арчлалтыг хийж үргэлжлүүлэн засварласан,
- "Доншен газрын тос Монгол" ХХК нь 22.7 км авто замыг өөрийн хөрөнгөөр батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэн, 2016 оны дол дугаар сард байнгын ашиглалтад улсын комиссын актаар хүлээлгэн өгч, ашиглаж байна.
- Тохижилт Сайншанд–Хот тохижилтын газар нь 2018 онд хог зөөврийн зориулалтын хоёр тээврийн хэрэгсэл авч парк шинэчлэлт хийсэн, албан контор, авто гараашийн зориулалтаар газрын асуудлыг шийдвэрлүүлэн газар эзэмших гэрчилгээг авсан байна.
- Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, аймгийн хэмжээнд уул уурхай, үйлдвэрлэлд ашиглагдаж буй цэвэр усны олборлолтыг хэмжих тоолуурыг бүрэн суурилуулах, суурилагдсан тоолуурын бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаанд тогтмол хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх ажил аймгийн хэмжээнд хийгдэж байна.
- Аймгийн хэмжээнд гудамж, зам, барилгын хаягжуулалтыг Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5283:2014-ын хэрэгжилтийг хангуулсан ажилласан байна” гэсэн үнэлгээ өгсөн байна.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (2)