“Налайх дүүрэг нь иргэнээ дээдэлсэн, ажилтай, орлоготой, авлигаас ангид, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий аялал жуулчлалын төв дүүрэг болох” эрхэм зорилго дэвшүүлсэн.
Эдгээр зорилтоо хэрэгжүүлэх хамгийн эхний алхам бол баялаг бүтээгч дүүрэг болох юм. Тийм ч учраас Ажлын байр бий болгож, иргэдийг орлоготой, амьжиргаатай болгодог үйлдвэрлэлийн салбараа бодлогоор дэмжих үүднээс 2017 онд “Хамтдаа хөгжинө”, “Налайхад үйлдвэрлэв” хөтөлбөр боловсруулж, дүүргийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Налайхад үйлдвэрлэв" брэнд бүүк сэтгүүлийн анхны дугаарыг бэлтгэн гаргалаа.
Тус сэтгүүлийн нээлтийн танилцуулга өдөрлөг өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд боллоо.
Танилцуулга өдөрлөгт Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.
“Налайхад үйлдвэрлэв” брэнд бүүк сэтгүүлд Дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй үйлдвэр эрхлэгч иргэд, ААН-ийн мэдээлэл, зургийг багтаасан байна. Сэтгүүлийг цаашид цуврал болгон гаргахаар төлөвлөсөн байна.
Р.Хишигээ