Нийслэлд анхны жилдээ ажиллаж буй багш нарын дунд “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн хүрээнд боловсролын чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, боловсролын байгууллагуудын өрсөлдөх чадвар, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар чадварлаг боловсон хүчнээр хангах зэрэг зорилтуудыг тусган ажиллаж байгаа.
Үүний нэг нь боловсролын хөгжлийн түүчээг манлайлагч болсон багшийн нэр төрийг эрхэмлэн дээдлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээрээ бахархах үйлсийг дэмжих, багшийн нэр хүндийг өргөх зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас санаачлан гурав дахь жилдээ “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээ 2016 онд нийслэлийн ахмад багш нарын дунд болсон бол 2017, 2018 оны ёслол хүндэтгэлийн ажиллагаанд анхны жилдээ ажиллаж байгаа залуу багш нар оролцож байгаагаараа онцлог юм.
Үйл ажиллагаанд нийслэлийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд анхны жилдээ ажиллаж буй 750 багш оролцлоо.
Б.Лхам