Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн хөтөч клубээс “Би хэрхэн нийгмийн хөтөч байх вэ” илтгэх урлагийн уралдаан зарлалаа.
Тус тэмцээнд Их, дээд сургуулийн баклаварын ангийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд оюутнуудын илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, дадлагажуулах тэдний бүтээлийг олон нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Тэмцээн гурван шаттай бөгөөд сонирхсон оюутнууд өөрсдийн материалыг энэ сарын 5-ны дотор ирүүлнэ. Шүүгчид ирсэн бүтээлээс шилдэг 20 илтгэлийг шалгаруулж дараагийн шатанд хэлэлцүүлэх юм. судалгааны илтгэлийн материалыг МЗХ өөрийн байрандаа хүлээн авах бөгөөд илтгэлд зүүлт, тайлбар ашиглан иш татсан эх сурвалжийг тэмдэглэх, бичлэгийн стандартын дагуу бичиж ирүүлэх, файл хэлбэрээр болон хэвлэмэл байдлаар зохион байгуулагчдад авч ирэх, 5 минутанд багтахаар Powerpoint хэлбэрээр бэлдэж ирэх, илтгэлийн материал 5 хуудсаас дээшгүй байх шаардлагатай. Дараах сэдвийн хүрээнд явагдана. Үүнд,
- Нийгмийн хөгжилд миний оролцоо,
- Боломж ба манлайлал,
- Таны төсөөлөл дахь ирээдүйн Монгол,
- Монгол оюутны үнэ цэнэ,
- Оюутан таны цаг төлөвлөх ур чадвар зэрэг сэдвийн хүрээнд илтгэх юм.
Б.Лхам