Монгол Улсын шүүх 2018 оны эхний хагас жилд 840 удаа онлайнаар шүүх хуралдаан хийжээ. Өнгөрсөн онд 990 удаа зайнаас шүүх хуралдаан хийсэн статистик байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид онлайнаар шүүх хуралд оролцох нь ихэссэн аж.
Хүн ам тархай суурьшсан манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлж зайнаас шүүх хуралдаан хийх нь иргэдийн зардал чирэгдэл, цаг завыг хэмнэж байгаа гэдгийг албаныхан хэлж буй юм.
2013 онд орон нутгийн шүүхүүдийг шилэн кабелийн сүлжээнд холбож шүүхийн дата төвийг байгуулснаар нэгдсэн системүүд ажиллуулах болон онлайн хурал хийх боломж бүрджээ. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон 21 аймгийн төвд байрлах шүүхүүдэд онлайн хурлын төхөөрөмж суурилуулж сургалт семинар, шуурхай уулзалтуудыг хийж эхэлсэн.
Цахим шүүхийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь хэргийн оролцогчийг дуу, дүрс дамжуулах төхөөрөмж ашиглан алсын зайнаас шүүх хуралдаанд оролцуулах юм.
Б.Лхам