Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2018-2021 онд хэрэгжиж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд 21аймаг дахь төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн албан хаагчдад зориулсан "Жендэр ба хүний эрх" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн дөрвөн бүсэд зохион байгуулаад байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 10 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд Орхон аймгийн төвд хангайн бүсийн аймгуудын төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад жендэрийн сургалтыг явууллаа.
Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагуудад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр, хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилготой уг сургалтаар аймаг бүрт 20 орчим жендэр, хүний эрхийн сургагч багш нар бэлтгэгдэх юм.
ХЭҮК-ын Ажлын хэсэг 11 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд төвийн бүсийн аймгуудын төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах бөгөөд ингэснээр улсын хэмжээнд нийт 420 орчим хүний эрхийн сургагч багшийг бэлтгэнэ.
Р.Хишигээ