Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлж эхлэж байна. Дээрх хөнгөлөлт нь хүйтний улиралд буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэр хорооллын хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлнэ.
Үүнд: 220 В-ын буюу нэг фазын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг хангах цахилгааны дээд чадал 2.5 кВт байгаа учраас гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгаан хэрэглээний дээд хязгаарыг нэг сард 700 кВт.ц-аар тооцох бөгөөд 700 кВт.ц-аас илүү гарсан орой, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувиар хөнгөлөх;
380 В-ын буюу гурван фазын сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгааны дээд хязгаарыг нэг сард 1500 кВт.ц-аар тооцох. 1500 кВт.ц-аас илүү гарсан орой, шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэжээ. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орой, шөнийн тарифын хөнгөлөлтөд Нийслэл хотын 120.000 орчим айл өрх, Чингэлтэй дүүрэг 7-19 дүгээр хороо, зуслангийн бүсийн 40.548 өрх улсын хэмжээнд 135.000 орчим айл өрх хамрагдах урьдчилсан тооцоо гарсан байна.
Р.Хишигээ