Ардчиллын анхны дөрвөн эвсэл болох Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Монголын оюутны холбооны гишүүд Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжихээ илэрхийллээ. Тэд УИХ элдэв болзолгүй тарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт орж өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байна.
Хуралд Иргэний нийгмийн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, Монголын Ардчилсан холбооны гишүүн Б.Хишигбат, Ардчиллын анхдагч Д.Бат-Эрдэнэ, Дорноговь аймгийн Монголын ардчилсан холбооны гишүүн Б.Батцогт, Ардчиллын анхдагч, “Дугуй заал” ТББ-ын гүйцэтгэх захирал У.Бямбаа нар оролцлоо.
Ардчиллын анхдагч, “Дугуй заал” ТББ-ын гүйцэтгэх захирал У.Бямбаа “60 сая гаруй малтай баялаг орон уул, уурхай тойрсон хэдэн мөнгөтэй хүмүүст эд хөрөнгийн 90 орчим хувь нь төвлөрч байна. Ард түмэн улам ядуурах боллоо. Төрийн эрх мэдлийг авсан хүмүүсийн эрээ цээргүй байдал хэрээс хэтэрлээ. Ийм зүйлд бид залуу, халуун насаа зориулаагүй юм. Манай холбоод УИХ-ыг тарах тал дээр санал нэгдээд байна. Нам гэдгээр хаягласан цаахан хүмүүсийн засаглал Монголд тогтож байна.
Тэдний зүгээс “Бүрэн эрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж чадахгүй байгаа өнөөгийн УИХ тарах ёстой гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурьтай нэгдэж байна. Бид гажуудсан ардчиллын алдааг засах тэмцлээ УИХ-ыг болзолгүй тарахаар эхлүүлж байна. Бид УИХ-ын шийдвэрээс шалтгаалан УИХ-ын даргын зөвлөлийн гишүүдийн, цаашлаад УИХ, Засгийн газрын гишүүдийн тоотой тэнцүү тооны хүн өлсгөлөн зарлахаа илэрхийлж байна. ЖДҮ-ийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг тодорхой зорилтот сангууд байдаг. Энэ нь хувиараа хөдөлмөр эрхэлж ахуй амьдарлаа залгуулдаг хүмүүст зориулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль гарсан.
Энэ хүрээнд ЖДҮ эрхлэх бололцоотойд нь бизнесийн зээл, хувиараа хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа залгуулдаг хүмүүст бичил зээлийг үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл өнөөдөр энэ сангуудыг УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүд юу ч үгүй хоосруулсан. Уг нь тодорхой хуультай байдаг. Тодруулбал, ЖДҮ-ийг дэмжих сан гэдэг бол улсын төсвөөс бүрддэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь гадаад иргэдийн ажиллах хүчний татвараас бүрддэг сан. Хөдөлмөр эрхлэлтийн санд илд 80 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг. ЖДҮ-д төсвөөс хамаараад 200-300 тэрбум төгрөгийн сан бүрддэг. Тэгвэл нэрсийг аваад үзвэл УИХ-ын гишүүн түүний хамаарал бүхий компаниуд ихэнхийг авсан байдаг. Үүний цаана дахиад ч хувааж иддэг сангууд бий. Мөн улсын төсөв ямар заварсан зүйл болов гэдгийг бид мэдэж байгаа. УИХ-ын гишүүдийн мэдлийн зарцуулдаг мөнгө таван тэрбум гээд салбарын сайд нь оруулж иртэл, дотоод зөрчил нь хурцдахаар найман тэрбум болгосон. Энэ эрх мэдэл, мөнгөнд далай шиг умбаж байхад ард түмэн эсрэгээрээ туйлдаж байна” гэв.
Тиймээс 1990 онд ардчиллын суурийг тавьсан эвслүүд бүх хэлбэрийг ашиглан улс төрийн тэмцлийг өрнүүлэхээ илэрхийлж буй юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)