БОАЖЯ, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага хамтран " Аялал жуулчлалын төлөвлөлт" сэдэвт сургалтыг 10 дугаар 31-нээс 11 дүгээр 01-ны өдрүүдэд Цэнгэг ус нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд зохион байгуулж байна.
Сургалтыг Англи улсын иргэн, олон улсын зөвлөх Стюарт Гилкрист удирдан явуулж байгаа бөгөөд аялал жуулчлалын үр ашгийн гинжин хэлхээ, зорих газрын газрын менежмент, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хотын аялал жуулчлал агуулгын хүрээнд явагдаж байна.
Тус сургалтанд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 80 орчим байгууллагууд, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар зэрэг төрийн байгууллагын 30 гаруй албан хаачид хамрагдаж байна.
Монгол улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, 2020 он гэхэд жилд ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд хүний нөөцийн чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, шат шатан дахь салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд энэхүү сургалт нь дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.
Л.Сайнаа