Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд аравдугаар сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрчээ. Тодруулбал, зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгах үеэр БНХАУ-ын нэгэн иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзжээ.
Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг нээж, үзлэг хийхэд их хэмжээний валют буюу 248.900 ам.доллар, 200.000 юань авч явсан нь илэрсэн байна. Зорчигч их хэмжээний валют авч яваа гэдгээ гаалийн мэдүүлэгт бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)