Төрийн албанд Гүржийнх шиг жишиг тогтоох тухай яриа сүүлийн үед олонтаа сонсогдох боллоо. Яагаад эрх баригч, бодлого боловсруулагчид Гүржийн амжилтыг ам уралдан ярих болсон нь сонирхол татна. Учир нь Гүрж улс цахим шилжилт хийж, төрийн албаны нүсэр бүтцээ багасгаж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэдэг болсонтой холбоотой. Европын Холбооноос Гүржэд цахим шилжилт хийхэд зориулж, 1.3 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлжээ.
Цахим засаглалд шилжих энэхүү төслийг тус улсын Хууль зүйн яамны харьяа Мэдээлэл солилцооны агентлаг бие даан хариуцдаг. Тус улсын Засгийн газар энэхүү төсөлд ач холбогдол өгч, амжилттай хэрэгжүүлснээр иргэн аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигагүй авах үүд хаалга нээж өгчээ. Цахим засаглалын гайхамшиг юунд байна вэ гэж гайхах хүн цөөнгүй бий.
Тэгвэл иргэн бүр цахим гарын үсэгтэй, цахим мэдээллийн сантай юм байна. Тухайн мэдээллийн санд нэвтрэхэд тухайн иргэний эд хөрөнгө, эрүүл мэнд, ажлын байр гэхмэтчилэн бүх мэдээлэл нүдний өмнө жирийж байдаг аж. Жишээ нь Гүржийн иргэн арилжааны банкнаас зээл авах боллоо гэхэд шаардлагатай бичиг баримт хөөцөлдөж, цаг алдахгүй.
Төрийн байгууллагууд нь цахим шилжилт хийсэн учраас ганц товчлуур дарж, хурууны хээгээ дараад мэдээллийг авч болдог байна. Иргэдэд шаардлагатай бүхий л мэдээллийг нэг дор багтаасан иргэний танхим өдөр бүр ажилладаг. Энэхүү цахим шилжилт нь төрийн албыг цомхон, чадварлаг болгох авлига хээл хахуулиас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг судлаачид онцолжээ. Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн Эстони Улс тус улсад заавар зөвлөгөөг сайтар өгч байгаа аж.
Гүрж Улс 4.2 сая хүн амтай, 69700 км газар нутагтай. Хүн амын хувьд Монголтой ойролцоо улс аль хэдийнэ цахимд шилжичихээд байхад монголчууд хаана явна вэ. Ухаалаг иргэний үнэмлэхтэй мөртлөө төрийн байгууллагуудаас бичиг цаас хөөцөлддөг хуучин жишиг хэвээрээ л байна.
Х.Эрдэнэчимэг
Сэтгэгдэл (1)