Уншигч та бүхэнд "Амралтын өдрийн жор" булангийн өнөөдрийн дугаарт Алфредо паста хийх жорыг хуваалцаж байна.
Пастатай хоолны хамгийн чухал нь мэдээж паста. Тиймээс сайн паста хэрэглэхээс гадна, заавал давстай /давс устайгаа гарчих тул харамгүй хийгээрэй/, буцалж буй усанд хийж чанана. Усаа пастанаас 4 дахин их хэмжээтэй байна. Пастаг хэт их болговол нялцгар, усан, амтгүй болж, тэр хоол тэр чигтээ “будаа” болох тул 6 минут буцалгасны дараагаар амсаж үзээрэй. Ингээд бага зэрэг зажлууртай байхад усыг шүүнэ. Яагаад гэвэл паста халуунаараа байхдаа улам болсоор/зөөлөрсөөр/ байна. Пастаг хэзээ ч хүйтэн усанд сойж болохгүй. Халуунаараа байхдаа сүмсийг өөртөө сайн шингээдэг.
Орц:
Паста – 200 гр
Цагаан мөөг – 100 гр
Бэкон – 200 гр
Сонгино – 1ш
Сармис – 2 хумс
Сүмс:
Масло – 2 х.х
Гурил – 50 гр
Сүү – 250 мл
Паста чанасан ус – 120 мл
Пармезан – ¾ аяга
Давс, перц амтлахаар
Базилик амтлахаар
Хийх заавар:
1. Буцалж буй халуун усанд пастагаа хийж чанана.
2. Паста болох хооронд бэкон, сонгино, сармис, мөөгөө хэрчиж хуурна. Галаа ширүүнээр эхлээд, мөөг нэмэх хүртэл бууруулсаар дундаж галаар хуурна.
3. Шинэ төмпөнд масло хийж, зөөлөн галаар хайлуулсны дараа гурилаа нэмнэ. 2-р алхмын туршид зөөлөн гал хэрэглэж, байнга хутгах нь маш чухал. Үгүй бол доороо түлэгдэнэ. Араас нь сүүгээ бага багаар нэмнэ. Паста чанасан уснаасаа нэмээд, ямар ч бүхэл гурилгүй болтол хутгана. Одоо пармезанаа бага багаар нь нэмж, хутган хайлуулна. Сүмс бага зэрэг өтгөн болсны дараа давс, перц, базилик нэмнэ. Бэкон, пармезан, паста бүгд давстай тул сүмсээ амсаж үзэж байж, давсаа нэмээрэй.
4. Ингээд л бэлэн болсон сүмсээ, бэконтой хуурга, пастатайгаа холиод боллоо.
5. Хүсвэл парсли болон пармезанаар чимэглэж болно.