Чингэлтэй дүүргийн прокурорын газрын гуравдугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн болон Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 2018 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хэрэг бүртгэлийн хэрэг хаасан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд судалжээ.
2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 2018 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 1713 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 129 буюу 7.5 хувь нь Бага насны хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг байгаа аж.
Үүний 23 буюу 17.8 хувь нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн, 106 буюу 82.1 хувь гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргүүд байна. Эдгээр хэргийг хохирогчийн тоогоор авч үзвэл нийт 128 хүн, хүйсийн байдлаар авч үзвэл 38 буюу 29.4 хувь нь эрэгтэй, 90 буюу 69.7 хувь нь эмэгтэй, хэргийн ангилалаар нь авч үзвэл 50 буюу 38.8 хувь нь хүнд, 79 буюу 61.2 хувь нь хөнгөн гэмт хэргүүд байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан дээрх 71 хүний 30 буюу 42.2 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, нэг буюу 1.4 хувь нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн ба эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан этгээдийн хохирогчтой хамаарал бүхий байдлыг судалж үзэхэд 62 буюу 87.3 хувь нь хохирогчтай хамаарал бүхий харилцаатай, 9 буюу 12.6 хувь нь хохирогчтой хамааралгүй этгээд байгаа юм.
Судалгаанаас үзэхэд нийт 129 гэмт хэргийн 60-аас дээш хувь нь гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг, 16-аас дээш хувь нь бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ба нийт хэргийн 70-аас дээш хувь нь ахуй хүрээнд үйлдэгджээ. Харин Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртсөн хохирогчийн дийлэнх /14 буюу 76 хувь/ нь бага насны болон арван зургаан насанд хүрээгүй хүүхэд, байгаагийн зургаа нь хойт эцэгтээ хүчирхийлүүлсэн бол нийт есөн хүүхэд өөрийн төрсөн ээж, аав, хойт эцэг, ахдаа зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна.
Б.Лхам