Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах хүрээндээ “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг хүүхдийн эрх ба бизнесийн зарчим тэдгээрийн уялдаа холбоог хангах, хянах төрийн зохицуулалт, байгууллагын хүүхэд хамгааллын бодлого ба эцэг эхийн зөвлөл агуулгын хүрээнд явуулсан юм. Тухайлбал, 2-14 насны хүүхдийн 46 хувь нь бие махбодь, сэтгэл зүйн шийтгэл, хөгжлийн бэрхшээлтэй 37000 хүүхэд буюу 46.6 хувь нь шоолуулж, дээрэлхүүлэх, хоёр жилийн хугацаанд 5128 хүүхэд гэмтлийн эмнэлэгт эмчлүүүлсэн, 5-17 насны хүүхдийн 10 хувь нь xүнд хөдөлмөр эрхэлдэг, асрах төвийн хүүхдийн 60 хувь нь хүчирхийллийн хохирогч, хүүхдийн 16.6 хувь нь эцэг, эхээсээ тусдаа амьдарч байна гэсэн тоон үзүүлэлт байдаг байна. Хүүхдийн хөгжилд хүчирхийлэл урт хугацааны ноцтой нөлөөллийг үзүүлдэг.
Хүүхэд хамгааллын бодлого, дүрмийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагууд эцэг, эхийн зөвлөлтэй байх учиртай. Уг зөвлөл хүүхэд хамгааллын дүрэмтэй болох, уг дүрмийн хэрэгжилтийг хянах эцэг эхийн зөвлөл түүний тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд удирдлагын төлөөллийг заавал оруулахаас гадна хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхэд нөлөөлөх байдлын ажиглалт, тандалт, үнэлгээ, магадлан шинжилгээ, сайн дурын санаачилга, туршлагууд, байгууллага салбартаа хүний эрх, хүүхдийн эрхийг дээдлэх соёл төлөвшүүлэх, зөрчлийн мэдээлэл хүлээн авах, дамжуулах, ойлголт дээшлүүлэх, хамтран ажиллах, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хохирлыг барагдуулах арга хэмжээ, хяналтыг тавих үүрэгтэй.
Татварын ерөнхий газарт хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа сэдвүүдээр сургалт, сонсголыг тогтмол зохион байгуулах, хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулах чиг үүрэг бүхий “Эцэг, эхийн зөвлөл”-ийг ТЕГ-ын даргын 2018 оны наймдугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот тушаалаар байгуулсан юм. “Эцэг, эхийн зөвлөл”-ийн даргаар ТЕГ-ын ТЗУГ-ын дарга Л.Нэргүй, гишүүдээр ХХХГ-ын дарга Б.Болдбаатар, ДАГ-ын дарга Д.Сайханчулуун, Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, СХОХ-ийн дарга Л.Бямбадорж, нарийн бичгийн даргаар ТЗУГ-ын Татварын улсын ахлах байцаагчийг тус тус томилсон. Тус зөвлөл нь албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлж, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, дотоод гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, дээрх асуудлаар ямар нэгэн алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа танилцуулж ажиллахыг даалгажээ. Уг үүргийнхээ хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сургалт явуулсан юм.
Үүнээс гадна бүх хүүхдэд хүндэтгэлтэй, (эмзэг сэдвээр болгоомжтой) харилцах, хүүхдийг болзошгүй эрсдэл, хүчирхийллээс сэрэмжлэх, хүүхдийн гэрэл зурагт түүнээс болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс зөвшөөрөл авах, нас бага, эмзэг, эрсдэлтэй хүүхдэд анхаарч туслах, хүүхэд оролцох үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүн, реклам, зар сурталчилгаандаа хүүхдийн эрхийг зөрчихөөс сэргийлэх, хүүхэдтэй ажиллахдаа насанд хүрсэн өөр хүнтэй хамт байж, эмзэг, эрсдэлтэй байдлаас сэргийлэхийг үргэлж анхаарах хэрэгтэй.
Б.Лхам