Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Галба-Өөш, Долоодын говийн сав газар, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газраас усны нөөцийн нэгдсэн менежментийн төслийг боловсруулаад байна.
Дэлхийн банкны хамгааллын бодлогын дагуу усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг олон нийтэд хэлэлцүүлэх зорилгоор нэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийг Сайншанд суманд 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулах бөгөөд тус ажлын хүрээнд хэлэлцүүлгийн материалыг тараах, Төрийн болон Төрийн бус байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хувийн хэвшил /ус ашиглагч байгууллага/, иргэд, малчдын төлөөлөлд материал тарааж, танилцуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын "Иргэний танхим", тав дугаар багийн ажлын албаны байранд Галба-Өөш, Долоодын говийн сав газрын "Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан суурь судалгаа"-ны эмхэтгэл цаасан хэлбэрээр, санал авах дэвтрийг байршуулсан тул иргэд танилцах, санал өгөх боломжтой ажээ.