Төвийн бүсийн нийгмийн даатгалын байцаагч нар Дархан хотод чуулж байна. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, баталгаажуулах шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан “ Нийгмийн даатгал-Миний мэргэжил” ажил мэргэжлийн уралдааны хүрээнд өнөөдөр онол арга зүйн сургалтыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтран Улсын байцаагчийн эрх олгох, баталгаажуулах шалгалтыг энэ онд байгуулж байна. Үүнтэй холбогдуулан улсын хэмжээнд орон нутгийн тав, Улаанбаатар хотод хоёр бүсэд ажил мэргэжлийн уралдаан болно.
Уралдааны эхлэл болж өнөөдөр Нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудыг Улсын байцаагчийн шалгалтад бэлтгэх , мэдлэгийг бататгах, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор сургалт явуулж байгааг онцлов. Сургалтад Архангай, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 90 орчим байцаагч нар хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, баталгаажуулах шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан байцаагч ажилтнуудын эрхэлж буй ажлын хүрээнд зайлшгүй судлах хууль тогтоомжийн нэгдсэн жагсаалтаар тест болон онол арга зүйн бодлого бодох аргачлалаар НДЕГ-ын Дотоод аудит, мониторингийн газрын мэргэжилтэн Б.Ганхуяг хичээлийг удирдан явууллаа.