Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр галт зэвсгийн тооллого болон шинээр мөрдөгдөх замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тооллого энэ сарын 12-нд эхэлсэн. Галт зэвсгийн тооллого орон даяар арванхоёрдугаар сарын 12 хүртэл явагдана. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа гал зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн цагдаагийн байгууллагын зүгээс улсын хэмжээнд галт зэвсгийн тооллогыг зохион байгуулж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага иргэдэд ямар нэгэн чирэгдэлгүйгээр ажиллахаар зорьж байна. Мөн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ тооллогод бүртгүүлэх шаардлагатай. Үүнд, гаазан болон баллоноор цэнэглэдэг, үрлэн сумтай харуул хамгаалалт, спортын чиглэлээр хэрэглэдэг буу багтана.
Галт зэвсгийн эх үүсвэрийг шаардахгүй, өмнө нь бүртгүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхгүй.
Цахим орчинд болон зах дээрээс бүртгэлгүй галт зэвсэг худалдан авахгүй байх энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад хандан мэдээллийг иргэдээс хүсэж байна.
Галт зэвсгийг тоологод иргэд ивэхтэй хамрагдаж хуулиар хүлээсэн үүргийн биелэхийг хүсч байна" гэв.
Иргэд болон хуулийн этгээд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлэхдээ:
Галт зэвсгийн гэрчилгээ
Иргэний үнэмлэх эсвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Галт зэвсгийг аюулгүй байдлыг хангах биет байдлаар авч ирэн нийслэлийн иргэд бол Нийслэлийн цагдаагийн газар орон нутагт оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлэх юм байна.
Галт зэвсэг эзэмшигч зайлшгүй сургалтад суусан байх ёстой. Сургалт долоо хоног бүр хоёр өдрийн хугацаанд болдог.
Иргэд, жолооч нар шинэ дүрмийн талаар legalinfo.mn сайтаас орж уншиж, танилцахыг зөвлөлөө
Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлнэ. Иргэд, жолооч нар шинэ дүрмийн талаар legalinfo.mn сайтаас орж уншиж, танилцахыг иргэддээ зөвлөж байна. Хэрэв шинэ заалтуудтай холбоотой ойлгомжгүй зүйл байвал энэ талаар тээврийн цагдаагийн албанд ирж мэдээлэл болон сургалт авч болно.
Шинэчилсэн найруулгын дараа 227 зүйл болж шинээр 60 гаруй зүйл заалтыг нэмсэн. нэмэгдсэн зүйл заалт бүрийг зайлшгүй судлах шаардлагатай. Жишээ нь, цас орсон тохиолдолд заавал өвлийн дугуйг сольж тавьсан байх ёстой зэрэг зайлшгүй мөрдөх зүйлс бий.
Сүүлийн үед уулзваруудад тавьсан шар тэмдэглэгээ арилсан гэх шүүмжлэл гарч байна. Шар тэмдэглэгээ арилаагүй. Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол ямар байгааг тэрхүү тэмдэглэгээг угааж харуулсан. Ийм л нөхцөл байдалд манай цагдаагийн алба хаагч нар үүрэг гүйцэтгэж байгаа. Шар тэмдэглэгээтэй уулзварууд дээр зөрчил илрүүлэгч камер нэмэгдэж тавигдана. Бид явган хүний гарц болгон дээр бусад улс орон шиг жижиг оврын камер тавьж суурилуулахаар санал хүргүүлсэн. Хэрэв явган хүний гарц дээр жижиг камер суурилуулбал гарц дээр зам тавьж өгдөггүй сахилгагүй жолооч нарын асуудал шийдэгдэж, жолооч нар хариуцлагажих боломж байна. Дүрэм гэдэг нь эцсийн бүлэгт, иргэд зорчигчдын аюулгүй байдлын төлөө гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл (1)