Монгол Улсад Б.Анхболдынх гэдэг шинэ өрх нэмэгдлээ. Zaluu.сom сайтад энэ сарын 12-ны өдөр аав хүү хоёрын талаарх сурвалжлага гарч, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группийн гишүүд Б.Анхболдод туслах аян эхлүүлсэн юм. Тус аяны үр дүнд Б.Анхболдын мөрөөдөл өнөөдөр биелж гэргий М.Түмэнжаргалтайгаа хуримаа хийж байна.
Түүний хуримын ёслолд МУСТА Б.Баттөр, Харш хамтлагийн дуучин МУСТА Б.Баярт, поп дуучин Бобо, Сүлд чуулгын дуучин Хулан, take off хамтлагийн дуучин Б.Батзолбоо нар хүрэлцэн ирж, хосуудад аз жаргал ерөөн ая дуугаа өргөлөө.
Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордныхон Б.Анхболдын “Хуримаа хийж чадахгүй юм аа гэхэд ядаж эхнэрээ хуримын даашинзтай, өөрөө пиджак өмсөөд зураг авахуулж үзэх юмсан” хэмээн ярьж байсан мөрөөдлийг нь биелүүлж, ямар ч үнэ төлбөргүйгээр гэрлэлтийг нь батлуулж өгч байгаа бол сүйт бүсгүйн хуримын даашинз, гоёлын иж бүрдлийг "Butterfly" хуримын даашинзны дэлгүүрийн хамт олон бэлэглэжээ.
Үүнээс гадна Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группийн гишүүд ачаар тэд өөрсдийн гэсэн хашаа, өргөө цагаан гэртэй болсон. Мөн Б.Анхболдыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ОБЕГ-т 24 цаг ажиллаад 48 цаг амрах харуулын албанд ажилтнаар авсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)