Нийслэлийн Архивын газраас өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Дүнжингарав салбарт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд иргэдэд архивын лавлагаа үнэ төлбөргүй олгох аж.
Нийт 21 төрлийн лавлагааг авах боломжтой бөгөөд ихэвчлэн иргэд ажласан жилийн лавлагаа, газрын өмчлөлийн лавлагаа гэх мэт зүйлсийг авдаг байна. Эдгээрээс өөр таны хүссэн лавлагаа байвал тухайн лавлагааг үнэ төлбөргүй өгөх боломжтой талаар албаныхан хэлж байгаа юм.
Мөн www.lavlagaa.ub.gov.mn сайт-д хандаж ямар төрлийн лавлагаа гарах, ямар ямар байгууллагуудын лавлагаа гарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох байна.
Дашрамд дурдахад Нийслэлийн Архивын газарт нийт 2000 гаруй иргэний хаягдаж гээгдсэн хөдөлмөрийн дэвтэр хадгалагдаж байгаа учир хаясан гээсэн хүмүүс өөрсдийн нэрээ шүүлгээд дэвтэр нь олдвол авч болох боломжтой юм байна.