Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар цагдаагийн хүрээний мөрдөс нэгт журмын нөхөд нь эмгэнэн гашуудаж байна.
Дансрангийн Батсайхан нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан цагдаагийн шилдэг алба хаагчдын нэг байлаа.
Цэл залуухан нас нь хувцас формоо цэгцхэн өмссөн гэрэл зурагтаа, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь шударга, үнэн үйл хэрэгтээ, дулаан нөмөр нь хань, ар гэр, дөрвөн сайхан үрийнхэн сэтгэлд, хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг зан нь мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.
Сэтгэгдэл (1)