Дүүргийн Засаг дарга нар Засаг захиргааны хуулийг зөрчин орлогчийн орон тоог 23 хүртэл нэмэгдүүлэн ажиллаж байгаа түгээмэл зөрчил гаргаж буй талаар өнөөдөр Нийслэл дэх Төрийн аудитын газар (НТАГ)-аас мэдээлж байна.
Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор агентлагийн орон тоо 100-гаас дээш ажилтантай бол дэд буюу орлогч дарга 1, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэлийг баримтлах болсон. Гэтэл дээрх чиглэлийг баримтлаагүйгээс нийслэлийн 22 хэрэгжүүлэгч агентлагт дэд буюу орлогч дарга 5 байх атал 23 буюу 18-аар илүү байна. 2015-2017 онд томилсон 1369 ажилтан, албан хаагчдыг аудитын түүвэрт хамруулан шалгахад 1063 буюу 77.7 хувийг хууль тогтоомжид заасны дагуу томилсон, 306 буюу 22.3 хувь нь хууль тогтоомж болон холбогдох шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн 2015-2017 онд төсвийн 3 737.6 сая төгрөгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан зөрчлүүд илэрчээ. Мөн НТАГ-аас аудитын сэдвийг сонгох ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны иргэдээс санал авахад 4068 санал ирж, ирсэн саналын 527 буюу 12.9 хувь нь төрийн байгууллага, албан хаагчдын асуудлыг хөндсөн байна. Мөн нийслэлийн зарим удирдлагаас дээрх асуудалд шинжилгээ хийж өгөх талаар албан ёсоор хандсаны дагуу аудитыг хийсэн гэж байв.
Улс орнуудын төрийн албан хаагчдад ногдох хүн амын тоог харьцуулан авч үзвэл манай улсад төрийн нэг албан хаагчид 17 хүн ногдож байна. УБ хотод төрийн нэг албан хаагчид 399 хүн ногдож, улсын дунджаасаа 23 дахин их байгаа нь хөдөөгийн хүн ам засаг захиргааны нэгжээрээ ихээхэн тархуу байрладаг, Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнтэй холбоотой аж.