Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат АНУ-ын худалдааны газрын Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан нарийн бичгийн орлогч дарга Алан Турлей тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талуудын уулзалт нэг талаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг танилцуулах, хамтарч ажиллах боломжид санал дэвшүүлэх, нөгөө талаас АНУ-ын худалдааны газрын үйл ажиллагаа, төлөөлөл болж ирсэн компаниудын хөрөнгө оруулах, түншээ олох зэрэг хүсэл эрмэлзлэл, ажил хэрэгч уур амьсгал дор өрнөсөн юм.
ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтын үеэр “АНУ бол Монгол Улсын гуравдагч хөрш орон. Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт нягт хамтран ажиллах бүрдэж байгаад таатай байна. Тэр дундаа Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байрыг олноор бий болгох ач холбогдолтой Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл батлагдана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр, АНУ-ын талд хандан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан хэрэгжиж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Монгол Улсын 21 аймаг, 330 суманд ажиллах мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, малын эмч нарыг чадавхжуулах, давтан сургахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Газар тариалангийн салбарт байгалийн хүчин зүйлээс хамааралтай байдлыг багасгах зорилгоор усалгаатай газар тариаланг хөгжүүлж, услалтын систем нэвтрүүлэх, мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тоног төхөөрөмж оруулж ирэх зэрэгт хамтарч ажиллах боломжтой гэв.
АНУ-ын талаас Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах нэг гарц нь хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бөгөөд энэ хүрээнд хоёр орны түншлэлийн хүрсэн түвшнийг ахиулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. АНУ-ын худалдааны танхимаас АНУ, Монгол хоёр орны Засгийн газар хоорондын зураглалыг боловсруулж байгаа бөгөөд тус танхимын Хөдөө аж ахуйн хороо нь энэ салбарын экспортыг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дуулгасан юм. Нөгөө талаар АНУ, Монгол хоёр орны ил тод байдлын гэрээг (ТIFA) хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг ч хэллээ. Ийнхүү хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх үүднээс АНУ-д зохион байгуулдаг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үзэсгэлэн, худалдаанд тогтмол оролцдог байхыг санал тавив.
Уулзалтад, АНУ-д хөрөнгө оруулалтын компанийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Blueshirt" компани, малын үүлдэр угсааг сайжруулах зорилготой “AG world int'l, сансрын хиймэл дагуулын туршилт, судалгааны "Globalstar", цэвэрлэх байгууламж үйлдвэрлэлийн "Danaher", хэмжилзүйн багажийн үйлдвэрлэл, туршилтын "Waters" зэрэг компани байлцаж, компаниа танилцуулж, хөрөнгө оруулах, хамтарч ажиллах түншээ хайж байгаагаа хэллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯам