Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлэн биед нь хүнд бэртэл учруулан зугтсан 45 настай Б.Энхбаяр, 25 настай Т.Лундаа нарыг олж баривчилжээ.
Тэд залилангийн хэргээр сэжиглэгдэж байсан этгээдүүд бөгөөд Сүхбаатар дүүргийн авто машинтай хөдөлгөөнт эргүүлд ажиллаж байсан, тэдэнд шаардлага тавьсан нэг цагдааг Тоёота Ланд автомашинаараа мөргөн гэмтээж, өөр нэгэн цагдаа нь тэдний унаж явсан машинаас зүүгдэн явж байх үедээ унаж хүнд бэртжээ. Бэртсэн цагдаагийн албан хаагчид одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд машинаас унасан цагдаа биедээ хүнд бэртэл авч өчигдөр яаралтай хагалгаанд оржээ.
Тус хэргийн мөрөөр Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд Майхан толгойн орчмоос тэднийг баривчилжээ.