Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойн хүрээнд өнөөдөр “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа 70 жил” сэдэвт симпозиум, соёлын арга хэмжээ Гадаад харилцааны яаманд болж байна.
Манай улс 1948 оны энэ өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын дипломат харилцаа тогтоож байжээ.
Энэ талаар Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд асан Ж.Ломбо ярихдаа “1948 оны 10 дугаар сарын 15- БНАСАУ-тай харилцан хүлээн зөвшилцөж харилцаа тогтоож байсан. 1951 онд Солонгосын дайны үед хоёр орон харилцан элчин сайдын яам нээсэн. Түүнээс хойш улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран хөгжүүлж ирсэн түүхтэй. Энэ хугацаанд төр засгийн тэргүүн, намын удирдагч нар харилцан айлчилж найрамдал харилцааны тухай олон гэрээ хэлэлцээр байгуулж ирсэн. Өнөөдөр хоёр орны харилцааны улс төрийн, бүс нутаг, олон улсын байдалтай холбогдуулаад өөр чиглэл хандлагатай болж байна. Гэхдээ хоёр тал энэ хамтын ажиллагаагаа өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан улам бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлийг баримталж байна. Цаашид манай хоёр орон уламжлалт харилцаандаа тулгуурлаж эдийн засаг, соёл бусад салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх болж ирээдүй байгаа” гэлээ.
Монгол, БНАСАУ-ын Парламентын бүлгийн дарга О.Баасанхүү “БНАСАУ нь Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс юм. Энэ утгаараа түүхэн цаг үеэрээ бидний харилцаа өндөр дээд хэмжээнд байсан. Монголын хаан, хатдын булш Хойд Солонгос улсад бий. Үүнийг бид Чингис хааны үеэс харилцаа холбоотой байж гэж ойлгох ёстой. Энэ бүх нөхцөл байдлаас хамаараад 70 жилийн түүхэн ойг өндөр дээд хэмжээнд тэмдэглэх хэрэгтэй. Ялангуяа олон улсын харилцааны түвшинд Монгол улсын үүрэг, роль өндөр байх ёстой. Бид олон салбарт хамтран ажиллах бололцоо байгаа. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт, мөн нүүрсийг гуравдагч орон руу гаргах бололцоо зөвхөн Хойд Солонгосоор дамжин хийх бололцоотой” гэв.
17 дахь Элчин сайд Д.Бямбаа “Энэ ойг тэмдэглэх ажилд оролцож байгаадаа 17 дахь элчин сайдын хувьд их баяртай байна. Би 1967-1969, 1978-1981, 1995-2001 онуудад БНАСАУ-д суугаа элчин сайдын яамны нэг, хоёрдугаар нарийн бичгийн даргаас элчин сайд хүртэл ажилласан. Энэ хугацаанд хоёр орны харилцаа ямагт өөдрөг, өөдөө хөгжиж байсан. Гэхдээ энэ хугацаанд олон улсын харилцааны байдлаас болж хоёр орны харилцаа зогсонги байдалд орсон ч үе байдаг. Гэсэн хэдий ч хоёр орны ард түмэн уламжлалт харилцааг уламжлал болгон хөгжүүлж ирсэн. Иймээс хоёр орны харилцаанд саад тотгор тохиолдож байсан зүйл байхгүй гэж бодож байна” хэмээн ярилаа.
Р.Хишигжаргал