Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мод тарих үндэсний өдөр” зарлах тухай зарлиг гаргасан байдаг.
Зарлигаар жил бүрийн тав, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан. Энэ өдрөөс хойш өдгөө 18 дахь удаагаа Мод тарих үндэсний өдрийг зохион байгуулж байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалдаг.
Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд нийт нэг сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ. Мөн энэ хавар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх цэвэр усны эх үүсвэр болох гүний худгийг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр найман төрлийн таван мянга орчим мод тарьсан юм.
Харин намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төв, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Үйлдвэрчний соёлын төв ордонд 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулсан ба дүүрэг бүрд мөн тарьц суулгацын худалдаа явагдаж байгаа юм. Үүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд өнөөдөр 11 цагаас хүрз, хувинтай очиж тарьсан моддоо арчлах боломжтой.
Мөн Нийслэлээс 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
Р.Хишигээ