Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн төвтэй хамтран сургууль, цэцэрлэгийн эмч нарт амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай мэдлэг мэдээллийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээний талаар, томуу томуу төст өвчний үед авах эмнэлзүйн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтын тухай, ЕБС, цэцэрлэгийн эмч нарын оролцоо, өвчний үед авах арга хэмжээ, салхинцэцэг өвчний үед авах арга хэмжээ, ханиаднаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өглөө.
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэж ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах юм.
Мөн сургууль цэцэрлэгүүд өрөө тасалгааны дулааныг 18-20 хэмд байлгаж, чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт хоёроос гурав хийх шаардлагатай бөгөөд хүүхдийн тоглоом, аяга халбага, шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгаж хүүхдийн гарыг тогтмол угаалгаж занших хэрэгтэй.