Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Шихихутаг их сургуультай хамтран "Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа-онол, практикийн асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Тус хурлыг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Шихихутаг их сургуулийн захирал, профессор Д.Оюунцэцэг нар үг хэллээ. Мөн хурлын нээлтэд зориулж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Ж.Бямбадорж видео мэндчилгээ ирүүлснийг оролцогчдод үзүүлсэн юм.
Тэрбээр энэ өдрүүдэд Марокко Улсад Хүний эрхийн байгууллагуудын дэлхийн холбооны 13-р хуралд оролцож байгаа аж. НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталсны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус хуралд академич, МУИС-ийн эмерит профессор, Шихихутаг их сургуулийн хүндэт профессор С.Нарангэрэл "Хүний эрх, хууль зүй судлал", Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор П.Оюунчимэг "Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн талаарх зохицуулалт-Олон улсын гэрээ, хууль практик", Шихихутаг их сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, докторант П.Баянбаатар "Эрүүгийн хуулийг хэрэглэх тулгамдсан асуудал ба Хүний эрхийн баталгаа", тус сургуулийн Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Доржготов "Хүний эрх ба шүүх", тус сургуулийн Магистр, докторын албаны дарга, доктор, профессор Ж.Бямбаа, Эрхүүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Шүүх эрх зүйн тэнхимийн тэнхимийн ахлах багш Койсин Александр Анатольевич "Гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд био-илрүүлэгчийг ашиглах нь" зэрэг илтгэлийг тавьлаа.
Б.Лхам