Бид эх орныхоо хөрсөн дээр байж ядахдаа давуу эрх эдэлмээр байна. Ийн хэлэх болсон шалтгаан нь өнгөрсөн лхагва гаригт болсон БНХАУ-ын Элчин сайдын яамны гадна болсон үймээн юм.
Энэ нь виз мэдүүлэхийн тулд хэдэн өдрөөр өнжин хонон байж дугаарлаж буй иргэд болон цахимаар дугаар авсан иргэдийн хоорондох маргаан. Тодруулбал, БНХАУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд цахимаар бүртгүүлж дугаар авдаг байсыг нь наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зогсоосон байдаг. Үймээний гол учир нь энэ.
Өдөрт 100 хүнд дугаар олгодог байсан бол одоо 20 орчим хүнд дугаар өгч байгаа талаар виз мэдүүлж буй иргэн О.Энхжаргал ярьж байсан. Тэрбээр наймдугаар сараас хойш дугаарлаж байгаагаа ч хэлсэн юм.
Ер нь БНХАУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд хүнд суртал ихтэй гэдэг. Зөвхөн визнийхээ мэдүүлгийг өгөхийн тулд долоо, наймдугаар сараас эхлээд тус элчингийн үүдийг сахин харуулдаж буй олон иргэд байна. Ажил төрлөө алдан байж шүү дээ.
Олон сараар ажил төрлөө алдан яваа тэдгээр иргэдийн ашиг сонирхлыг хэн хамгаалах вэ, наанадаж л тус улсад суралцуж буй залуусын хичээл сурлагаас эхлээд хоцрогдол их гарна. Хамгийн гол нь дээр дурдсанчлан бид эх орондоо байгаа аталаа яагаад давуу эрх эдэлж болохгүй гэж. БНХАУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд хамгийн эхэнд өөрийнхөө улсын хүмүүсийг, дараа нь бусад гадаад иргэдийг хүлээн авч, хамгийн сүүлд нь Монголчуудыг оруулдаг гэж хэдэн сараар дугаарлаад зогсож байгаа иргэд ярьж байсан юм.
Уг нь өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдрөөс БНХАУ-ын Элчин виз хүлээн авах цагаа уртасгаж, 09-15 цаг хүртэл болгосон аж. Гэхдээ долоо хоногийн гурван өдөр нь л ажилладаг учраас виз мэдүүлэх хүмүүсээ бүртгэхэд цаг нь хаанаа ч хүрэлцдэггүй.
Мөн энэ сарын 1-ээс 8-ны өдөр хүртэлх хугацаанд тус улсын Улс тунхагласны баяр болж Элчин амарсан. “Энд байсан энгийн хувцастай цагдаа долоо хоног амраад 8-ны өдөр ирээд алалцаад, хэн дийлсэн нь ороорой. Онлайныг хаасан шүү” гэж иргэн Д.Шинэбилиг, О.Энхжаргал нар ярьсан юм. Өнөөдөр ч БНХАУ-ын Элчингийн гадна талбайд үймээн гарсан үеэр дугаарлаж байсан иргэд цөөнгүй зогсож байлаа.
Өмнө нь цахимаар дугаар авдаг байхад иргэд дугаарлан ордгоороо ороод л асуудалгүй явдаг байв. Гэтэл цахим дугаарлалтыг нь зогсоогоод, хэн бяр чадалтайг нь шалгасан шиг шалгаж байна.
Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэх заалттай. Гэвч хэдэн өдрөөр хонож дугаарлаж буй тэдгээр иргэдийг яаж эрүүл, аюулгүй орчин нөхцөлд байгаа гэж хэлэх вэ. Наанадаж л хүйтний улирал дөхсөн энэ цагт бие махбодиороо хохирч байгаа. Иргэд чинь хүний эрхэнд байна шүү сайд, дарга нар аа. Ядаж л эх орныхоо хөрсөнд давуу эрх эдэлмээр байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)