Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2018” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцох Зэвсэгт хүчний 20 гаруй анги, салбарын 400 орчим цэргийн алба хаагчаас бүрдсэн бие бүрэлдэхүүний хээрийн сургууль эхэлжээ.
Жил бүр зохион байгуулагддаг Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох, бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Энэ жилийн тухайд ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 100 жил, 36 дугаар армийн 50 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой аж. “Сэлэнгэ-2018” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн Монголын талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын талын удирдагчаар Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, хошууч генерал М.Я.Носулев нар томилогдон ажиллаж байгаа юм байна.
Энэ удаагийн сургуулийг болзошгүй алан хядах ажиллагааны эсрэг шийдвэртэй тэмцэл явуулах, тэр дундаа хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг давшилт, хориглолт болон шөнийн байлдааны ажиллагаагаар няцаан дарах гэсэн гурван үе шаттай явуулах юм. Хамтарсан хээрийн сургуульд Монгол Улс, ОХУ-ын 1000 гаруй цэргийн алба хаагч, 200 гаруй нэгж байлдааны болон тусгай зориулалтын техник оролцож байна. Ирэх жилийн хамтарсан хээрийн сургуулийг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Дорнод аймгийн нутаг дэвсгэрт явуулахаар төлөвлөжээ.
Б.Лхам