Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баярын "Миний дуунууд - 2018" концерт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох билээ.
Тэрбээр уг ойн баярынхаа хүрээнд Миний дуунууд фото зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн Арт галерейн Best Art танхимд нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Поп дуучин Б.Сарантуяа, Э.Очгэрэл болон урлагийн нөлөө бүхий эрхмүүд хүрэлцэн ирсэн байв.
МУГЗ Л.Балхжав “Дуунуудаасаа тоглолт хийхэд хүндрэлтэй байлаа. Тухайлбал, поп хадагтай Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа зэрэг дуучидтай хамтарч тус бүр 60 гаруй уран бүтээлийг гаргасан байна. Үүнээс зөвхөн хоёрыг нь сонгож тайзан дээр дуулна гэдэг хэцүү. Дуучидтайгаа ярьж байгаад тоглолтоо сонирхолтой болгохын тулд дурсамж сэргээсэн хуучны дуу, шинэ дуу гэсэн хэсэгтэй. Зарим хэсгийг театрчилсан тавилттайгаар найруулах санаа гаргаж байгаа. мөн жүжигчин Т.Бархүү Хурд хамтлагтай нийлж дуэт дуулна. МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, СТА С.Наран зэрэг дуучид тоглолтын үеэр шинэ дуугаа үзэгч олонд толилуулна. Хөгжмийн найруулгыг МУГЖ Н.Халиун ба түүний нөхөд найруулна. Жилээс жилд нэртэй хөгжмийн продюсерууд оролцдог. Өнгөрсөн жил Б.Чинбат ба түүний нөхөд оролцсон бол энэ жил Б.Чинбаа хувийн номероо үзэгчдэд толилуулна. Цаашид тоглолтоо хоёр, гурван жилд нэг удаа мюзкил, театрчилсан ч гэдэг юм уу дууны уран бүтээлийг концерт хэлбэрээс нь драмын урлаг, кино урлагтай хольсон хэлбэрээр тоглоно гэж бодож байгаа” хэмээн ярилаа.
Тэрбээр фото үзэсгэлэнгийн талаар “Тоглолтын талаар тайз засалч, уран бүтээлчидтэйгээ ярьж байтал тэд 20 жилийнхээ түүхийг харуулсан фото үзэсгэлэн гаргавал яасан юм бэ. Таны фото архив хэр байна хэмээн асуусан. Надад байгаа, UBS-ын хамт олон, уран бүтээлчдэд байгаа зургуудыг нэгтгэхэд үзэсгэлэн гаргах хэмжээний байсан, би зөвшөөрсөн. Сая үр дүн нь үнэхээр сайхан би өөрөө хүртэл сүүлийн 20 жилийн түүхийг харж баяслаа” гэлээ.
МУГЖ Б.Сарантуяа “Хөгжмийн зохиолч Л.Балхжав телевизийн найруулагч хүн. Тэр хамгийн сайн продюсер. Дууг зохиогоод цаасан дээр үлдээх биш дууныхаа араас 20 жил зүтгэсэн. Зарим үед клипэнд хүртэл анхаарал хандуулдаг байсан. Би ийм сайхан хөгжмийн зохиолчын дууг өөрийн урлагт зүтгэсэн 30 жилээс 20 жил дуулсандаа бахархаж байна. Миний концертын ихэнх том дуунууд нь хөгжмийн зохиолч Л.Балхжавынх байдаг” гэв.
Түүний ойн баярын концертод Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Лхагвасүрэн, Э.Уянга, СТА С.Наран, С.Амармандах, Б.Амархүү, Б.Баярцэцэг, Д.Отгонжаргал, Т.Дэлгэрмөрөн, Т.Амина, Т.Бархүү, дуучин А.Хишигдалай, Х.Мөнгөнцэцэг зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Түүнчлэн мэргэжлийн уран бүтээлийн байгууллагууд, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн мастерууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм. Тоглолт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулна.
Тоглолтын тасалбар 40, 60, 70 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг www.ticket.mn болон 1900-1800 үнэгүй хүргэх аж.
Р.Хишигжаргал