Даяаршлын өнөө үед хүн төрөлхтний оршин тогтнох үндсэн болсон байгаль орчин цаг агаар, ихээхэн өөрчлөгдөж байгаа бөгөөд,үүнд дэлхийн хүн амын өсөлт, хотжилтын тэлэлт зэрэг нь сөрөг үр дагаврыг бий болгож байгаа тул хязгаарлагдмал нөөц баялгаа хамгаалах, зөв зохистой ашиглах явдал бүх нийтийг хамарсан глобал асуудал болоод байна.
Тиймээс экологид аюулгүй, байгальд ээлтэй хөгжлийг бий болгох нь дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага болж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны олон салбар ухаанд тухайлбал, олон улс судлал, олон улсын харилцаанд ногоон онол, түүн дээр суурилсан үзэл баримтлалуудыг тусгайлан судлах явдал эрчимтэй хийгдэх болсон билээ.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь ногоон онолын хүрээнд дэлхийн хотуудын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр судалж, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулахад оршино. Даяаршлын өнөө үед олон улсын байгууллагууд хүн төрөлхтний хүрээлэн буй орчны аюулгүй байдлын талаар явуулж буй үйл ажиллагаа, дэлхийн хотуудын ногоон хөгжлийн туршлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг зөв боловсруулан, амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болно.
Тус ажлын ач холбогдол нь ногоон онол, түүний үзэл баримтлалыг олон улс судлалын талаас судлах, шинжлэх ухааны эргэлтэд оруулах оролдлогыг хийсэн гэж үзэх талтай. Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг ногоон онолын хүрээнд олон улс судлалын талаас нь судлах оролдлогыг анхлан хийж байгаагаараа шинэлэг болох талтай болно.
С.Нацаг
Сэтгэгдэл (3)