Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачлагаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Байгаль сургалтын төв” үүдээ нээж, хүүхдүүдээ хүлээж авлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, төсөл хэрэгжиж буй Сүхбаатар сумын гуравдугаар сургуулийн захирал Л.Уянга, дөрөвдүгээр сургуулийн захирал Н.Энхтөр, Тогтвортой хөгжлийн боловсрол төвийн мэргэжилтнүүд болон сурагчдын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, БСУСЯ, БОАЖЯ-ны хамтарсан санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол-2030” төсөл Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжиж байгаа. Сүхбаатар сумын дөрөвдүгээр сургууль “Дугуйтай Сэлэнгэ”, Сүхбаатар сумын гуравдугаар сургууль “Нарлаг сургууль” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү байгаль сургалтын хотхон нь танхимын бус үйл ажиллагааг байгальд зохион байгуулан явуулахаараа онцлогтой.
Хүүхдүүд харилцан суралцах, биентэйгээ зөвлөлдөх, чадавхжих, дадлагажих, туршлагажих арга хэлбэрээр үйл ажиллагаа нь явагдана. Тус хотхон тогтвортой хөгжлийн боловсролын зорилтоо хүүхдүүдэд танин мэдүүлэх, Сэлэнгэ аймгийн брэнд болсон зөгийн аж ахуйгаа хэрхэн яаж хөгжүүлж буйг таниулах, монгол өв уламжлал, наадгай, ёс заншлаа хэрхэн авч ирсэн түүхэн замналаа сурталчлах, цаашлаад эрүүл мэндийн боловсрол олгох, ногоон төгөл гэсэн дөрвөн өртөөтэй юм.
Тус үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа “Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөр манай аймагт ийм сайхан бүтээн байгуулалт хийгдэж, нээлтээ хийж байгаад баяртай байна. Өнөөдөр Монгол хүүхдийг монгол орчин, монгол ахуйд сурч хөгжих, боловсроход энэ төсөл маш ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.
Л.Сайнаа