Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Македоны нийслэл Скопьегийн "VIP Arena Boris Trajkovski" спортын ордонд болж өнгөрлөө. Тэмцээн “А” (35-40 нас), “В” (41-45 нас),“С” (46-50 нас), “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд зохиогдсон юм. Манай улс Скопьед 20 тамирчин, дөрвөн албаны хүн, нэг шүүгч, нэг эмчтэй очсон бөгөөд нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 10 медаль хүртжээ.
Тодруулбал, Б.Болд “E” ангиллын 100 кг жинд алтан медаль, Ш.Баянмөнх “В” ангиллын 130 кг-д, Х.Нямдорж “C” ангиллын 70 кг-д, Б.Лхагвадорж “А” ангиллын 78 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн Б.Бат “E” ангиллын 88 кг-д, Ц.Дуламсүрэн “E” ангиллын 100 кг-д, Д.Ганбат “В” ангиллын 78 кг-д, Г.Баатарсүрэн “С” ангиллын 62 кг-д, Б.Содномпил “А” ангиллын 88 кг-д, Б.Сүхбаатар “А” ангиллын 130 кг-д хүч үзэн өрсөлдөгчөө ялж хүрэл медаль хүртсэн байна.
Б.Лхам