Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр “AGRO UB PARK”-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, төвийн зургаан дүүргээс ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлах зэрэг сургалтад хамруулж байгаа юм.
“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэлтэй, 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, тодорхой төлөвлөгөөний дагуу хүнсний ногоо тариалах арга барилд сурган, чадавхжуулдаг байна. Мөн “Тариалалтын технологи, ХАБЭА-н анхан шатны мэдлэг олгох” тэнхимийн сургалт, “Хүлэмжийн нарийн ногоо арчлах, хамгаалах, даршлах практик сургалтад хамруулжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр хотын өмнө тулгарч буй гол асуудал бол иргэдийг орлоготой болгох явдал юм. Энэ үүднээс ХНХЯ, Засгийн газартай хамтраад олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэгийн нэг нь энэхүү төсөл. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ч 2016 онд үйл ажиллагаа нь доголдоод байсан. Үүнийг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авсны үндсэн дээр үйл ажиллагаа хэвийн байдалд орлоо. Төслийн ач холбогдол нь газар тариалан, хөдөө аж ахуйд ажиллах сонирхолтой төвийн зургаан дүүргийн 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулаад, тодорхой зардлыг нийслэлээс гаргаж байгаа. Үүнд газар хагалах, хүнсний болон нарийн ногооны үр, арчилгаа, усалгаа, тээвэрлэлтийн зардал багтаж байгаа. Иргэд үрээ тарих, арчилгаа хийх, намар хурааж авах үйл ажиллагаанд оролцдог. Үүний хажуугаар иргэдийг сургалтад хамруулдагбөгөөд эндээс суралцаад хувиараа ногоо тариалах ажил эрхлээд явсан иргэд нэлээд их байна. Энэ оны байдлаар нийтдээ 800 гаруй өрхийн 50 гаруй бүлгийн иргэд хамрагдсан” хэмээв.
Мөн "Энэ жилийн хувьд 53 га-д тариалалт хийснээс 32 га-д төмс, 21 га-д нь хүнсний нарийн ногоо тариаллаа. Үүний зэрэгцээ хүлэмжийн ногоо тариалсан. Нэг хүлэмжээс жилдээ дунджаар 5-8 сая орчим төгрөг олж байна. Үүнийг тухайн бүлгийн иргэд хувааж авдаг. Нэг өрхөөс нэг хүн гэдэг утгаараа нэг өрх дунджаар 3.5-5 сая төгрөгийн орлоготой ажилладаг” хэмээн “AGRO UB PARK”-ийн агрономич Ж.Сүрэнжав танилцуулав