Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна
АНУ-ЫН КОНГРЕССЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМД ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ӨРГӨН БАРЬСАН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААНЫ ХУУЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА
АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХААР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАХ ҮҮРГИЙГ ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ ӨГЛӨӨ
2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоолыг баталсан юм. Уг тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж зөвлөмж гаргасан.
Ё.БААТАРБИЛЭГ ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ОРЛОГЧ ЗАХИРАЛ ДР.КАСАЙ ТАКЕШИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.07.31) Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орлогч захирал Др.Касай Такеши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Япон Улсын Засгийн газраас Др.Касай Такешиг ирэх онд болох ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлээд байгаа юм.
НӨАТ БОЛОН ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ИННОВАЦИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА
Гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталжээ.
Энэхүү тогтоол батлагдсанаар гарааны компани байгуулах журмын дагуу байгуулагдаж, бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүд инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангагдаж, ажлын байр шинээр бий болох, импортыг орлох, экспортод чиглэсэн, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин, татварын суурь бэхжиж, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
ИМПОРТЫН ХЭМЖЭЭ 43.4 ХУВИАР ӨСЛӨӨ
Монгол улс 2018 оны эхний хагас жилд 140 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3.6 тэрбум ам.доллар, имдорт 2.7 тэрбум ам.доллар байна.
Эрдэс бүтээгдэхүүн 3027.0 сая ам.доллар, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн зүйлс 49.8 сая ам.доллар, түүхий болон боловсруулсан арьс шир 11.4 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүн 242.8 сая ам.доллар, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс 144.9 сая ам.доллараар тус тус экспортолжээ.
МОНГОЛ БАНКНЫ ХУДАЛДАН АВСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ 4 ХУВИАР ӨСЧЭЭ
Монгол банк долдугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
ЦАЦРАГ ХЭМЖИГЧ БАГАЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Цөмийн энергийн комиссоос Цагдаагийн ерөнхий газарт цацраг идэвхт материалыг хууль бусаар ашиглах, хадгалах, шилжүүлэх, тээвэрлэх болон цацрагийн террорист аюул заналаас сэргийлэх ашиглах зориулалттай багажнуудыг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр /2018.08.03/ боллоо.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮНСНИЙ НОГОО ХУДАЛДААЛЖ БАЙСАН ИРГЭД ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй хүнсний ногоо худалдаалж байсан иргэдээ худалдааны талбайтай болгожээ.
Эмх замбараагүй худалдаа эрхлэгчдийн талаар иргэд, оршин суугчдаас байнгын гомдол ирж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэг зөвшөөрөлгүй хүнсний ногоо худалдаалж байсан иргэдийг худалдааны талбайтай болголоо.
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ИХ УТААТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧИХГҮЙ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй стандартын шаардлага хангахгүй, зөвшөөрөгдөх дэд хэмжээнээс их утаатай тээврийн хэрэгсэл зорчихыг өчигдрөөс эхлэн хориглосон байна.
ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдах ба худалдан авах үйл ажиллагаа явагдаж болзошгүй байгаа тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар нийт 42 тарвага, 16 буу, 26 хавх зэргийг хурааж, зөрчлийн хэрэг үүсгэжээ.
МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ АЯНЫ ХҮРЭЭНД БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ТОХИЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Манай хороо-Миний гудамж аян нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа билээ. Аяны хүрээнд Багахангай дүүрэгт тохижилтын болон хөрөнгө оруулалтын олон ажил хийгдэж байна.
Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор шөнийн “Гэрэлт гудамж”, “Эко төгөл”-ийг шинээр ашиглалтад оруулсан ба Хангай 1,2 парк, нийтийн эзэмшлийн орон сууцны дундах усан оргилуурыг засварлан орчныг тохижууллаа.
ЗАСГИЙН ГАЗРААС ҮЕРИЙН ДАРААХ СЭРГЭЭН БОСГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР ШИЙДВЭРЛЭВ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.08.01/ боллоо.
Тус хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны явц, шаардагдах хөрөнгийн асуудлыг танилцууллаа.
2018 оны 06 дугаар сарын сүүлч, 07 дугаар сард ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа юм.
Б.Лхам