Дархан-Уул аймагт 50 ортой гурван давхар барилга бүхий Төрөх эмнэлгийн өргөтгөл барихаар төлөвлөжээ.
Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусч, ирэх онд ашиглалтад орох юм. Уг барилга улсын төсвийн гурван тэрбум төгрөгөөр хийгдэж байгаа тухай аймгийн Засаг дарга С.Насанбат мэдээлэв. Мөн тэрбээр “Уг барилгын гүйцэтгэлийн ажилд холбогдох байгууллагууд хяналт тавьж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах болно” гэжээ.
Дархан-Уул аймгийн Төрөх тасагт аймгийн жирэмсэн эхчүүдээс гадна Сэлэнгэ, Төв аймгаас хүндрэлтэй төрж болзошгүй жирэмсэн эхчүүд ирж төрдөг бөгөөд жилд 3000 орчим эхчүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс Төрөх тасгийн ачаалал өндөр, орны хүрэлцээ муу байдаг байна.
Харин 50 ортой Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилга ирэх онд ашиглалтад орсноор жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, төрөлтийн хүндрэл, эрсдэл буурна хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Аймгийн Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж аж.
Б.Лхам