Дархан-Уул аймгийн удирдлагууд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хоёр ширхэг Фото эмчилгээний аппарат, Сэргээн засах тасагт нэг ширхэг лазер аппарат буюу нийт 8.7 сая төгрөгийн өртөг бүхий 3 аппаратыг хүлээлгэн өгчээ.
Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгаар жилд 3800 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдгээс 350 нь нярай хүүхэд байдаг. Тэдний 250 гаруй нь нярайн шарлалт гэсэн оношилгоотойгоор хэвтэн эмчлүүлдэг байна.
Харин тус хүлээлгэн өгсөн дээрх хоёр ширхэг Фото аппарат нь нярайн шарлалтыг эмчлэх зориулалттай бөгөөд энэ төрлийн аппарат Хүүхдийн тасагт нэг байдаг ч овор хэмжээ ихтэй зөөвөрлөх боломжгүй, зөвхөн сэхээний тасагтаа хэрэглэгддэг байжээ. Энэ онд аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд шинээр орчин үеийн хоёр аппараттай болсноор нярайн шарлалтыг цаг алдалгүй эмчлэх боломжтой болж байгаа аж.
Мөн Сэргээн засах тасагт хүлээлгэн өгсөн лазер аппарат нь арьс, зөөлөн эд, яс зэрэг бүх эдэд үүссэн гэмтлийг нөхөн сэргээх зориулалттай. Тус аппарат нь соронзон, гэрлийн, хэт ягаан туяаны цацрагийн эмчилгээний аппаратуудыг нэг дор орлож, олон төрлийн эмчилгээг үзүүлэх юм. Эмчилгээний үр дүн ч энгийн аппаратаас илүү өндөртэй хэмээн мэргэжлийнхэн үзэж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)