Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт 5819 малчин өрхөд 2,9 сая толгой мал сүрэг зусаж байна гэсэн статистик гарчээ. Хур тунадас зургадугаар сард хоёр удаа, долдугаар сард нутгийн ихэнх хэсгийг хамарч гурван удаа 0,3-80,0 мм хүртэл орж, зарим сумдын нутгаар бэлчээрийн ургамлын гарц сэргэж, нийт нутгийн 45 хувь нь ногоотой, 25 хувь нь дунд зэрэг, 30 хувь нь гантай байгаа аж. Цаашид зуншлагын байдал, ургамлын гарц сайжрах төлөвтэй байгааг албаныхан мэдээлж байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 15 сумын 29 газарт инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 21 худгийг сэргээн засварлах ажлууд хийгджээ. Түүнчлэн 43,5 мянган га бэлчээрийг шинээр усжуулж, 144 өрхийн 113,2 мянган толгой мал ойрхон усаар хангагдахаар болжээ.
Б.Лхам