Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс “Халамжаас-Хөдөлмөрт” явуулын нэг цэгийн үйлчилгээний өдөрлөгийг зохион байгуулжээ.
Энэ нь дүүргийн алслагдсан 12,13,14-р хорооны иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан хүргэх зорилготой байсан юм.
Өдөрлөгт “Говь” ХХК, ”Гоёо” ХХК, ”Эко-констракшн“ ХХК, ”Ньюпос”ХХК, “Номин холдинг” ХХК, ”Жой тройзон” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 700 гаруй нээлттэй ажлын байранд ажилтан, албан хаагч авахаар хамтран оролцжээ. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагууд өөр өөрийн чиглэлээр дэмжин оролцов.
Өдөрлөгийн үеэр 114 иргэн хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээлэл авч, ажил хайгч иргэнээр бүртгүүлэн, 52 иргэн байнгын болон түр ажлын байранд зуучлагдсан байна. Түүнчлэн 116 иргэн нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл зөвлөгөө авч, зорилтот бүлгийн 18 иргэн ОНОТХҮ-ий бичиг баримтжууулах үйлчилгээнд хамрагдан иргэний үнэмлэхээ үнэ төлбөргүйгээр авч хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах боломж нээгдсэн байна.
Өдөрлөгт оролцсон ажилгүй болон ажил хайж байгаа 17 иргэнийг 12,13-р хорооны хэрэгцээ шаардлагад тулгуурласан “Нийтийг хамарсан ажил”-д хамруулан түр ажлаар хангажээ.
Өдөрлөгт оролцсон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар 313 иргэнд зөвлөгөө өгөн, үзлэг шинжилгээ хийж, ЭМНДХ-ийн албан хаагчид 121 иргэнд эрүүл мэнд, нийгмийн даатгал,тэтгэвэр тэтгэмжийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, сайн дурын даатгал шинээр нээх, зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг үнэ төлбөргүй бөглөх зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна.
Б.Лхам