"JCI Капитал" ТББ 2015 оноос эхлэн "Түүхээ хамгаалья" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл нь Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй 35000 орчим баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон ном, судруудыг баринтаглах зорилготой. Энэ төслийн хүрээнд "Номын баринтаг" хандивыг эхлүүлэн жил бүр амжилттай зохион байгуулж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд 2018 он гарсаар нийт 4600 ширхэг баринтагийг хүлээн авсан бөгөөд 4600 номын баринтагаа өнөөдөр Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.
Тус байгууллага нь 2015-2017 оны үйл ажиллагаанд иргэд, аж ахуй нэгжээс цугларсан нийт 15000 орчим баринтагийг Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өгсөн байна.
Ийм ном, судрыг ийнхүү баринтаглах нь хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ирээдүй хойч үедээ бүрэн өвлүүлэн үлдээх сайн талтай аж.
JCI Капитал ТББ санаачлагаар хэрэгжиж байгаа Номын баринтаг төсөл үргэлжлэх бөгөөд Монгол судлалын холбогдолтой англи хэл дээр бичигдсэн 108 ширхэг номыг худалдан авч МҮНС-д хандивлах үйл ажиллагаа мөн давхар хэрэгжих юм.
Л.Сайнбаяр