Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр ажлын өрөөнд нь үл таних этгээд хутгалсан тухай мэдээллийн дагуу 12 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн байранд ирлээ.
Биднийг ирэхэд гол хэсгийн шатан дээр хаалт босгож “Цайны цаг 12.00-13.00” гэсэн тэмдэг өлгөсөн харагдав.
Болсон хэргийн талаар үүдний ажилтнаас асуухад “Би сайн мэдэхгүй” гэсэн юм. Түүнчлэн биднийг дээш гарахыг хориглов.
Хэсэг хугацааны дараа дээд давхраас цагдаагийн шинжээчийн багийн ажилтнууд бууж ирэв. Тэднээс мэдээлэл авахыг оролдсон боловч “Одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг авлаа.
Иргэдийн дам ярианаас сонсоход хэрэг 11 цагийн үед болсон. Хэрэгтэн нэлээд урт хутгаар хохирогчийн хэвлийн тус газарт халдсан. Хутга гүн орсон учраас хохирогч одоогоор эмнэлэгт хагалгаанд орж байгаа. Хэрэгтэн Тамгын газрын даргын өрөөнд андуурч орсноор энэ явдал болсон байна.
Тэгвэл саяхан Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр хэрэгтэн Баянзүрх дүүрэгт оршин суудаг 64 настай И гэгч байсан бөгөөд тэр дор нь баривчилсан байна. Хохирогч Б.Амартүвшин нь Цэргийн төв госпиталын эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байгаа. Цагдаагийнхан Хувийн өс хонзон уу, эсвэл өөр шалтгаан байсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Хэрэгтэн И нь Баянзүрх дүүргийн Тамгын газрын байрны гадаа удаа дараа жагсаал цуглаан хийж байсан, Тамгын газрын газар хэлтсийн дарга нартай уулзана гэж өдөр бүр дүүргийн байран дээр ирдэг байжээ. Мөн сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй гэх ч мэдээлэл байна.
Хохирогчийн биеийн байдал болоод Цагдаагийн байгууллагын эцсийн дүгнэлтийн талаар бид эргэн сурвалжлах болно.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (2)