Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Сайншанд сум байгуулагдсаны 57 жилийн баяр наадам өндөрлөлөө.
Энэ хүрээнд говийн бүсийн хурдан морины уралдаанд нийт 1000 гаруй морь хурдалжээ. Үүнээс Эрлийз дээд насны уралдаанд 28 морь уралдсанаас, Хөвсгөл аймгийн Г.Батболдын бор морь түрүүлж, Говь-Алтай аймгийн Г.Чинзоригийн зээрд морь аман хүзүүдэж, айргийн гуравт Архангай аймгийн Ө.Пүрэвбаатарын бор халзан, дөрөвт Дархан-Уул аймгийн Ж.Мөнхтөрийн хонгор халзан морь, айргийн тавд Хөвсгөл аймгийн Г.Батболдын хул морь хурдалсан байна.
Мөн Эрлийз дунд насны уралдаанд 33 морь уралдсанаас, Төв аймгийн Г.Дашзэвэгийн сартай хээр морь түрүүлж, Дундговь аймгийн Б.Лхагва-Очирын хул морь аман хүзүүдэж, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Л.Адъяачагдагийн хээр, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Б.Баярцолмонгийн цавьдар, айргийн тавд Дорноговь аймгийн Д.Баярсайханы хээр морь хурдалжээ.
Хязаалан насны уралдаанд 147 морь уралдсанаас, Дорноговь аймгийн Баярсайханы хүрэн хязаалан түрүүлж, аман хүзүүнд Дундговь аймгийн Мөнхбатын хар, айргийн гуравт Говь-Алтай аймгийн З.Шижирбатын бор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Баярсайханы хүрэн морь, айргийн тавд Төв аймгийн О.Ренцэнжүгдэрийн хүрэн морь хурдалсан юм.
Их насны уралдаанд 222 морь уралдсанаас Дундговийн Б.Лхагва-Очирын хонгор халзан морь түрүүлж, Дундговь аймгийн Ж. Эрдэнэтөгсийн хүрэн морь аман хүзүүдэж, айргийн гуравт Ховд аймгийн Н.Баасанжавын ягаан бор морь хурдалж, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн А.Батбаатарын саарал морь, айргийн тавд Завхан аймгийн Д.Баяраагийн хүрэн морь хурдлав.
Соёолон насны уралдаанд 150 морь уралдсанаас, Дорноговь аймгийн А.Номбаатарын хонгор морь түрүүлж,аман хүзүүнд Завхан аймгийн Д.Баяраагийн хүрэн, айргийн гуравт Дундговь аймгийн Ч.Дэмчигцоодолын бор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн О.Батжаргалын хонгор, айргийн тавд Өмнөговь аймгийн С.Мөнхбаярын хээр морь хурдаллаа.
Азарга насны уралдаанд 120 морь уралдсанаас, Ө.Пүрэвбаатарын бор морь түрүүлж, аманд хүзүүнд Дорноговь аймгийн М.Буянхишигийн хар морь, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Б.Ганбатын хул, айргийн дөрөвт, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Д.Даваадоржийн хул, айргийн тавд Өмнөговь аймгийн С.Батбаярын загал морь тус тус хурдалжээ.
Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага А.Цацабшир тэргүүтэй 128 бөх зодоглож, наадамчин олныхоо өмнө зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа.
Хүчит бөхийн барилдаанд улсын харцага А.Цацавшир түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэж, улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Л.Цэрэнтогтох нар шөвгөрлөө.
Түүнчлэн сур харвааны эрэгтэй төрөлд, Тэргүүн байрт 30 оноогоор Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, аймгийн Үндэсний сурын харваач, спортын дэд мастер Ө.Түвшинбаяр, дэд байрт 29 оноогоор Багануур дүүргийн “Уурхайчин баг”-ийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер Г.Амарсайхан, гутгаар байрт 28 оноогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер М.Лхагва-Очир нар тус шалгарчээ.
Харин сур харвааны эмэгтэй төрөлд, Тэргүүн байрт 34 оноогоор Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач Д.Дэмбэрэлсүрэн, дэд байрт 31 оноогоор Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач, спортын дэд мастер Б.Мөнхгөнчимэг, гутгаар байрт 29 оноогоор Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Т.Дуламсүрэн нар тус тус амжилт үзүүллээ.
Б.Лхам