22:11 цаг Б.Цогтгэрэл: Туркээс ирсэн онгоцонд хүн нэмж, бууж суугаагүй
Станбулаас Улаанбаатарт газардсан ТТ4010 онгоц 21 цагийн орчимд олон улсын "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас хөөрсөн.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Туркээс ирсэн онгоц газрын үйлчилгээ аваад буцаж ниссэн. Нэг ч хүн нэмж бууж суугаагүй” хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
Вейсел Акчайг яг одоо манай хууль хяналтын байгууллагынхан байцааж байгаа аж.
21:25 цаг Станбулаас Улаанбаатарт газардсан ТТ4010 онгоц дөнгөж сая олон улсын "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас хөөрлөө.
21:16 Вейсел Акчайг цагдаа нар авч яваагүй байна
Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) Цагдаагийн ерөнхий газарт байгаа гэх мэдээллийг тус сургуулийн багш ажилтнууддаа утсаар хэлсэн байсан.
Тэгвэл “Эмпате ертөнц” компанийн захирал Б.Ганбат хүн явуулж шалгуулсан ч Вейсел Акчай тэнд байгаагүй ажээ. Тиймээс энэ ташаа мэдээлэл гэдгийг тэрээр хэллээ.
20:23 цаг “Манай нэг багшийг ч тэд заналхийлсэн байж болзошгүй” гэв
Монгол Туркийн хамтарсан “Эмпате ертөнц” компанийн захирал Б.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зурваст байгаа “ТТ-4010 дугаартай онгоцоор өмнө нь буюу 2017 оны есдүгээр сарын 27-нд Казахстан дахь Турк сургуулийн захирлыг баривчилж, авч явж байсан” гэлээ.
Тус сургуулийн ажилтан руу өөр нэг багш нь залгаж “Би цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамт явж байна. Захирал аюулгүй газар байгаа. Наанаа цугларсан хүмүүсийг тараа” гээд утас нь тасарчээ. Эргээд залгасан ч утас нь холбогдохгүй байгаа аж.
Өмнө нь ийм аргыг Косово улсаас хоёр Турк сургуулийн захирлыг баривчлахдаа хэрэглэж байсан. Манай нэг багшийг ч тэд заналхийлсэн байж болзошгүй гэж тэд ярьж байна.
Дашрамд, Туркээс газардсан онгоц Хөшигийн хөндийд зогсолт хийжээ. Газрын зөвшөөрлийг авахдаа Станбул-Улаанбаатар, Улаанбаатар-Станбул гэж авсан юм байна.
20:14 цаг Туркийн дөрвөн дипломатчийг манайх дотогш нэвтрүүлээгүй байна
Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөө өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээллийн талаар манай сурвалжлах баг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд ажиллаж байна.
Тэндээс ирүүлсэн мэдээллээр манай улсад өнөөдөр газардсан ТТ4010 дугаартай Туркийн онгоц эхлээд Хөшгийн хөндийд баригдаж буй онгоцны буудалд газардаж, төд удалгүй “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буужээ.
Энэ онгоц манай улсад газардахдаа дипломат шугамаар дөрвөн хүн ирээд нэг хүн аваад буцна гэж мэдэгдсэн байна. Онгоц буухад манай тал тэдний мэдэгдсэн дөрвөн дипломатчийн бичиг баримтыг шалгах гэсэн боловч шалгуулаагүй аж. Ингээд тэднийг нисэхийн хилийн зурвасаас дотогш нэвтрүүлээгүй байна. Үндсэндээ, хилийн зурваст бичиг баримтыг нь хураажээ.
Тус онгоц Станбул-Улаанбаатар, Улаанбаатар-Станбул маршрутаар хөөрч, газрын үйлчилгээ авна гэж манай талд мэдэгдсэн байна. Гэтэл газрын үйлчилгээ авахаар хандсанд гайхаж буйгаа “Эмпати ертөнц” компанийнхан хэлж байсан юм.
18:57 цаг Алга болсон Вейсел Акчай захиралтайгаа утсаар холбогджээ
Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчай (Veysel Akcay) өнөө өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээллийн талаар “Эмпати ертөнц” компанийн захирал Б.Ганбат мэдээлэл өглөө.
Энэ тухай мэдээллийг олон нийтэд хамгийн эхэнд өгсөн хүн Б.Ганбат юм. Тэрээр "Вейсел Акчай 18:00 цагийн орчимд өөрийн гар утсаараа надтай холбогдлоо. “Надад санаа зоволтгүй. Би танилынхаа хажууд байна. Наанаа цугласан байгаа хүмүүсээ тараа” гээд утас нь тасарсан. Эргээд зарим зүйлийг тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй байна. Дуу хоолойны өнгө, бусад зүйлээс харахад танилынхаа хажууд биш гэдэг нь ойлгомжтой байна” гэв.
18:52 цаг Б.Баатарсайхан: Туркээс ирсэн онгоцоор миний үйлчлүүлэгчийг тээвэрлээгүй гэх баталгаа гаргаж өг
Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөө өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодруулга авч, хууль хяналтын байгууллагынханд чиглэл өгөөд буй.
Тэгвэл БНТУ-ын иргэн Вейсел Акчайн ар гэрийн хүсэлтээр ажиллаж буй өмгөөлөгч Б.Баатарсайхан манайд мэдээлэл өглөө. Тэрээр “Туркийн тал баривчилгааг зохион байгуулаагүй гэж хэлж байна. Ямар нэг хэрэг зөрчил гаргаагүй хүнийг Монгол Улсын хилээр гаргаж байгааг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаад байна. Үүнээс гадна энэ онгоцоор миний үйлчлүүлэгчийг тээвэрлээгүй гэх баталгааг гаргаж өгөхийн иргэний нисэхийн байгууллагаас хүслээ.
“Чингис хаан” ОУНБ-д буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг дээрх асуудал тодорхой болтол нисгэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд холбогдох байгууллагуудад өгөөд байгаа юм.
Дашрамд, Чингис хаан олон улсын нисэх буудалд төрийн тусгай албаныхан ажиллаж байна. Мөн БНТУ-ын иргэн Вейсел Акчайг Монгол, Туркийн аль талаас нь авч явсан эсэхийг тодруулж өгөхийг түүний өмгөөлөгч манай талаас шаарджээ.
18:27 цаг АН Турк улсын иргэний талаар Ерөнхий сайдаас мэдээлэл хүслээ
Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлагдсан байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан бөгөөд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа Турк улсын иргэн юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2-р зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадуур гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг баривчлах, албадан саатуулах, өөр улс уруу шилжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг ноцтой зөрчсөн, хүний хулгайн гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно.
Гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг Монгол Улсаас тухайн улс уруу шилжүүлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гагцхүү прокурорын саналыг харгалзан Монгол Улсын шүүх хэлэлцэж шийдвэрлэнэ.
Иймд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, Турк улс уруу шилжүүлэгдэх гэж байгаа талаарх мэдээллийг яаралтай шалган тогтоож, Монгол Улсыг үл хүндэтгэсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН У.ХҮРЭЛСҮХ та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, Монгол төрийн бие даасан байдал, хилийн халдашгүй байдлыг тууштай хамгаалж ажиллах болно.
АРДЧИЛСАН НАМ
17:41 цаг Ерөнхий сайд Турк сургуулийн захиралтай холбоотой асуудалд чиглэл өгчээ
Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөө өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодруулга авсан байна.
Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль хяналтын байгууллагад чиглэл өгчээ. Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яамны зүгээс “Туркийн талаас ямар нэг баривчилгаа зохион байгуулаагүй” гэх тайлбарыг манай талд өгсөн байна.
“Чингис хаан” ОУНБ-д буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг дээрх асуудал тодорхой болтол нисгэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд холбогдох байгууллагуудад өгөөд байгаа юм.
Дашрамд, Чингис хаан олон улсын нисэх буудалд төрийн тусгай албаныхан ажиллаж байна.
Монгол, Туркийн хамтарсан сургууль 2017 оны хичээлийн жилээс Германы хөрөнгө оруулалттай болсон аж.
17:37 цаг Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ
Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны яам шуурхай арга хэмжээ авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотолж, уг асуудлаар Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв. Гадаад харилцааны сайд уг асуудлаар ярилцахад бэлэн байгаа болно.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай мөн утсаар ярихад дээрх байр суурийг нотолсон болно.
Дээрх асуудал тодорхой болтол Чингис хаан олон улсын нисэх буудалд буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг нисгэхгүй байх саналыг Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагуудад хүргүүлснээс гаднаГадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийг ГХЯ-нд байгуулаад байна.
17:16 цаг Гадаад харилцааны дэд сайд Турк улсын ЭСЯ-ны түр хамаарагчийг дуудаж уулзав
Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яам дотоодын холбогдох байгууллагуудаас тодруулахаар ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай утсаар ярьж, мөн ЭСЯ-ны Түр хамаарагчийг дуудаж уулзан БНТУ-ын иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх асуудлыг тодруулахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотлов. Мөн тэрбээр Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв.
Чингис хаан ОУНБ-д буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг дээрх асуудал тодорхой болтол нисгэхгүй байх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөөд байна.
16: 35 цаг Гадаадын тусгай алба Монголд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл
Монгол Туркийн хамтарсан "Улаанбаатар Эмпати" сургуулийн захирал Вейсел Аксай /Veysel Akcay/ -г өнөөдөр 09 .00 цагийн үед гэрийн гаднаас нь үл таних хүмүүс хулгайлсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Өнөөдөр 14:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд ТТ-420 Сhallanger 604 маркийн онгоц буусан бөгөөд нислэгийн цагаа өөрчилж магадгүй байна. Үүнтэй холбогдуулж Монголын тусгай албаныхан Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд очоод байна.
Цагдаагийн эх сурвалжийн мэдээллээр “Иргэн Вейсел Акчай нь өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд саарал өнгийн цувтай гэрээсээ гараад явж байхад нь саарал өнгийн Альфард маркийн автомашин зогсч, машин руугаа чирээд оруулсан байна. Тухайн автомашины дугаар Монголынх байсан. Гэхдээ шалгахад хуурамч дугаар болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, урьдчилж бэлтгэсэн үйлдэл байжээ. Хэрэв гадаадын тусгай байгууллага Монголд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулбал хууль зөрчсөн үйлдэл болно. Бид лавшруулан шалгаж байна” гэлээ.
Бид болсон явдалтай холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас албан ёсоор мэдээлэл авлаа.Тус газраас “Вейсел Акчай нь Монгол Улсад суурьшсан анхдагч туркуудын нэг. Монголд амьдарч байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Монгол Улсын хилээр орж ирснээс хойш гараагүй байгаа. 2019 оны аравдугаар сар хүртэл оршин суух зөвшөөрөлтэй байна” гэв.
14:44 цаг Монгол Турк сургуулийн захирлыг гэрийнх нь гаднаас хулгайлсан гэв
Сэтгэгдэл (1)