“Эмпати ертөнц” ХХК-ийн захирал Вэйсел Акчайг хулгайлагдсан байж болзошгүй мэдээлэл цацагдсан. Энэ талаар тус компаний “Элит” олон улсын сургуулийн менежер Б.Тамиртай утсаар холбогдон дараах хэдэн зүйлийг тодрууллаа.
- Монгол-Турк сургуулийн захирал өнөөдөр хулгайлагдсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?
-Ерөнхийдөө энэ хүн бол 20 гаруй жил Монголд ажилласан. Уул хүн нь Туркийн харьяалалтай боловч Монгол хүнээс ялгаагүй болсон ийм хүн юм. Харин Турк улсад шинэ ерөнхийлөгч гарч ирснээс хойш цэргийн дарангуйлал хүчтэй өрнөж байна гэж таамаглаж байна. Ер нь хэмжээлшгүй их эрх мэдэлтэй болж байгаа. Сөрөг хүчнээ гэж хардсан хүн болгоноо барьж байна.
-Үүнтэй холбоотой гэж та бодож байна уу?
-Тийм. Тэгж таамаглаж байна. Учир нь Туркийн Ерөнхийлөгч сөрөг хүчнийхэн гэж бодсон эмч, багш, энгийн ажилтнаас эхлүүлээд янз бүрийн хүмүүсийг барьж, хорьж, гэмгүй иргэдийг хэлмэгдүүлж, цаазаар авч байна. Нэг ёсондоо хэлмэгдүүлэлт их явагдаж байна гэж ойлгож байгаа.
-Тэгэхээр таны бодлоор захиалгат хэлмэгдүүлэлт байж магадгүй гэсэн үг үү?
-Тэгэж л таамаглаад байна. Хэрвээ энэ хүнийг Турк улс руу гаргавал амьд үлдэх баталгаагүй. Амь насанд нь аюул тулгараад байгаа гэсэн үг. Тодруулж хэлбэл, ойрын хугацаанд сонссон мэдээллээр 150 мянга орчим хүн барьж хорьсон ба 120 мянга орчим хүнийг ажлаас нь халсан гэсэн. Мөн 3000 гаруй аж ахуй нэгжүүдийг өөрийн эзэмшилдээ авсан байна.
-Монгол-Турк сургуулийн захирлын тухайд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байв уу, Туркийн төрд тэрсэлсэн үйлдэл ч юм уу?
-Үгүй. Өмнө нь ямар нэгэн хэрэгт нэр холбогдож байгаагүй. Энэ талаар гаргасан Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл ч байгаа.
-Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол-Турк сургуулийн захиралд ямар нэгэн дарамт шахалт ирж байв уу, энэ талаар та юу гэж үзэж байна вэ?
-Хоёр, гурван жилийн өмнөөс сургуульд ирэх шалгалтууд ихэссэн. Энэ үеэс эхлэн ямар нэгэн юм үзүүлсэн байх гэж хардаж байна.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (4)