Манай улсад 24 жил ажилласан, Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал, Туркийн иргэн Вейсел Акчай нь өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд гэрээсээ хулгайлагдсан гэх мэдээлэл ирсэн билээ. Мөн Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Туркийн онцгой элчийн онгоц буусан гэсэн мэдээллийг авав.
Бид албан эх сурвалжийн мэдээлснээр Вейсел Акчайг Чингис хаан нисэх онгоцны буудал дээр хүргэсэн гэх мэдээллийн дагуу онгоцны буудал ирлээ.
Энэ үед Улсын их хурлын гишүүн О.Бааасанхүү “Бид тусгаар тогтносон улс. Хэн дуртай нь эх оронд минь дураараа ирж гүйцэтгэх ажил хийн хүн хулгайлж болно гэж үү” хэмээн өөрийн твиттер хуудсандаа жиргэв.
Энд газар дээр нь ажиллахаар Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл ирээд байна.
Анх гомдол нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар ирсэн тул тус газрын хэвлэл мэдээллийн ажилтантай нь холбогдоход “Бид мөрдөн, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу сонссон юм.
Энд Монголын тусгайгийнхан ирчихсэн байлаа.
Бид Туркийн Элчин Сайдын утсанд холбогдсон ч утсаа салгаж, дахин залгахад холбогдох боломжгүй боллоо.
16 цагийн үед УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ энд ирлээ. Иргэд онгоцны буудлын гадаа жагсаж эхлээд байна.
Туркийн онцгой элчийн онгоц 18:00 цагт буцах нислэгийн, бүртгэлтэй байгаа юм. Бид энэ талаар эргүүлэн сурвалжлах болно.
Л.Сайнбаяр